Сайн байцгаана уу? LIFESTYLE булангаараа веган хоолтон Э.Хулангийн зөвлөгөө мэдээллүүдийг хүргэж эхэлсэн билээ. Энэ удаад веган хоолтон болсноос хойш гарсан үр дүнгүүдийг хуваалцахаар шийдлээ мөн сонирхсон асуултуудаа коммент хэсэг дээр үлдээгээрэй!

Hello! За веган/ургамлан хоолтон/ болоод 2 сар болсон байна. Хэдэн жилийн өмнө веган хүнд идэх зүйл тийм ч элбэг биш үед веган байснаас болоод ч юмуу веган болно гэхээр үнэхээр хэцүү санагддаг байсан болохоор удаан хугацаанд цагаан хоолтон явсан. Гэхдээ нэг л өдөр ингэж хоёрын хооронд явахаар нэг мөсөн веган болъё гэж шийдээд үзтэл харин эсрэгээрээ вежетариан буюу цагаан хоолтон байхаас хавь илүү санагдаж, эерэг өөрчлөлтүүд мэдрэгдэж, цаашдаа ч веган байя гэж эргэлт буцалтгүй шийдээд байна. Ингээд энэ хугацаанд гарсан бага сага өөрчлөлтөөсөө хуваалцъя.

Эдийн засаг:

Өмнө нь vegetarian/цагаан хоолтон/ нэрийн дор хүссэн бүх зүйлээ, тааралдсан болгоноо л иддэг байж. Ихэнх нь хэт боловсруулсан хүнснүүд, гурилан бүтээгдэхүүнүүд болон чихэр, шоколад. Одоо бол илүү дутуу юманд шунаад байхааргүй болсон. Аль болох хоол хийж идэхийг эрмэлзэж, дэлгүүр, coffee shop, bakery гэх мэтийн янз бүрийн идэх юманд үрдэг зардал маань эрс багассан.

Эрүүл хүнс:

Хүнсний сонголт маань ч гэсэн нэг түвшинд ахисан гэж бодож байна. Дэлгүүрт ороод авдаг зүйлс маань нэлээд өөрчлөгдсөн. Ихэвчлэн ногоонууд, жимснүүд, самар, ургамлын гаралтай сүү, бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн, хар шоколад гээд л аль болох эрүүл, органик зүйлсийг сонгодог болсон.

Тэрнээс гадна чихэр хэт их иддэг зуршлаасаа салж чадсандаа маш их баяртай байнаа. Орео мэтийн веган амттан идэж болно л доо, гэхдээ л цаанаасаа чихэрлэг юм идэх хүсэлгүй болчихсон байна лээ. Өмнө нь бол муусайн чихрүүдийг том, жижиг хэмжээ нь ямар байхаас хамаарахгүй нэг суудал дээр цааш нь харуулж байж санаа амардаг байлаа хха.

Ер нь өнөөгийн энэ их хүнсний нэр төрөл, сонголттой үед амьдарч байгаа бид юу тааралдсанаа идээд байлгүй, тодорхой хэмжээнд хүнсэндээ хязгаарлалт хийж байх хэрэгтэй юм байна гэсэн бодолтой болоод байгаа.

Эрүүл мэнд

  • Хоолны шингэц

Хүн бүрт дэлгээд яриад байхаар зүйл биш ч гэлээ, үнэхээр гарсан өөрчлөлт болохоор, зарим хүмүүсийн хувьд асуудал байж магадгүй болохоор бичиж байна. Энэ бол хоолны шингэц. Өмнө нь хэдий цагаан хоолтон байсан ч гэсэн цуйван ч юмуу хүнд маягийн хоол идсэний дараа тийм ч хурдан шингэдэггүй тал байсан. Харин веган болсны дараагаас хичнээн орой ямар ч хоол идсэн өглөө бүр ямар ч асуудалгүйгээр  ээ гадагшлуулж чаддаг болсон.  Мэдээж энэ нь маш сайхан мэдрэмж. 

  • Биеийн жин

Энэ 2 сарын хугацаанд 6кг хассан байна. Гэхдээ энэ нь шууд хооллолттой хамааралтай биш л дээ. Мэдээж идэх юм олдоогүйдээ юмуу хоол хүнсний хэмжээ багассанаас бишээ. Миний таамаглаж байгаагаар өмнө нь чихэр шоколад хархаараа гээд зогсохоо мэддэггүй иддэг байсан зуршлаасаа салсных гэж бодож байна. Бас илүүдэл жингээ хаях гэж бассейнд явж, дасгал хийж аль болох хөдөлгөөнтэй байхыг хичээсэн л дээ. Турахын хүслэн болсон надад сайхан завшаан болов.  Гэхдээ жингээ хасахын тулд цагаан хоолтон эсвэл веган болъё гэж бодож байгаа хүмүүст энэ нь бага зэрэг буруу ойлголт гэдгийг хэлмээр байнаа. Хэдий цагаан хоолтон байлаа ч үргэлж гурилан бүтээгдэхүүн, амттан гэх мэт калори ихтэй юм идээд байвал турахгүй шүүдээ. Тухайн хүн юуг ямар хэмжээтэйгээр идэж, хэр их хөдөлгөөн хийж байгаа зэргээс хамаарна байхаа. 

  • Арьс

 Миний нүүрэн дээр батга их гардаг юм л даа.  Харин өнгөрсөн 2 сарын хугацаанд энэ асуудал маань нэлээд багассан. Одоо л нэг юм snapchat-ийн нохойгүйгээр selfie хийж чадахаар болж байна хха.

Сэтгэл санааны хувьд нэг их өөрчлөгдсөн зүйл байхгүй ч, урьдынх шигээ эерэг, өөдрөг бодлоор дүүрэн хэвээрээ байна. Яагаад гэвэл таны хоолыг бэлтгэхийн тулд нэг ч амь хөнөөгдөөгүй, зовоогүй гэж бодохоор үнэхээр сайхан биш гэж үү

IMG_6172

За энэ удаа өөрт мэдрэгдсэн бага сага өөрчлөлтүүдээс бичлээ. Өөр бусад зүйлсийн талаар бичихэд арай эрт байгаа болов уу. Веган байх нь бүх талаараа маш их таалагдаж байгаа болохоор цаашдаа ч гэсэн энэ чигээрээ ургамлан хоолтон байсаар байх болно оо. Хэсэг хугацааны дараа дахин өөрчлөлтүүд, үр нөлөө зэргээсээ хуваалцана аа.

Эцэст нь над шиг веган байх хэцүү гэж бодоод цагаан хоолтон байгаад байдаг хүмүүст, зүгээр л веган болоод үзээрэй гэж хэлье!

Хулангийн инстаграм хуудсаар зочлоорой: @hulanvg