Хөгжим та байгаагүй бол

Хорвоо ямар байхыг хэлж мэдэхгүй нь…

Хүн бүр өөрийн мэдрэмж, хүсэл сонирхолоороо хөгжмийн аль нэг төрөл рүү татагдан түүнд шимтэн уусаж, өөрийн амьдралын үнэт цагаа умартан зарцуулдаг билээ.

Тухайн цаг мөчид ямар дуу, хөгжим сонсох нь хүний тэр үеийн сэтгэл хөдлөл, мэдрэмжтэй салшгүй холбоотой байдаг гэдэгтэй санал нийлэх бизээ.

Ингээд та бүхэнд дараах 22 сонгодог аялгууг санал болгож байна.

Хүн бүр өөрийн мэдрэмжээр хүлээн авч, хүртэж ойлгох хэдий ч зарим нэгд нь бага багахан тайлбартайгаар та бүхэндээ хүргэж байна.

1. Franz Schubert – Serenade

Нэртэй орчуулагч, дипломатч, XXI зууны Монголын бичгийн их хүн Д.Моононцагаан Ф.Шубертын ““Серенада”-г сонсоод “Жаахан юм оролдож суухуй дор илбэн тайвшруулах агаад хөнгөн гуниг төрж, сэтгэл эерч зөөлрөхийн хамт хаашаа ч юм нэг л алсад одохсон гэх сэтгэлийг хөвсөлзүүлнэ. “Дэрвээд байгаа дээврийг дээсний үзүүрээр тогтооно. Дэврээд байгаа сэтгэлийг одоо юугаар тогтоох вэ” гэж ардын дуунд өгүүлнэ””хэмээн төрсөн сэтгэгдлээ хуваалцаж байсан юм. /“Сонгодог хөгжим” номноос, хуудас – 77/

2. Vivaldi’s Four seasons- Winter

“Жилийн дөрвөн улирал” концертын “Өвөл” нэртэй ангид Вивальди уран сайхны дүрслэлийн оргилдоо хүрсэн юм. Концерт эхлэнгүүт бороо цонх нүдэж жихүүдэс даасан өвлийн хүйтэн мэдрэгдэж тэшүүрээр гулгаж мөсөн дээр гэнэт халтирч унаж байгаа, мөс хагарч өмнө зүгийн дулаан агаар умард зүгийн хүйтэн салхитай тэмцэлдэн дийлэгдэж байгааг хөгжмийн аялгуугаар сэтгэлд хадагдтал гаргажээ. /Суут хөгжмийн зохиолчид номноос, хуудас -27/

3. Vivaldi’s Four seasons- Winter, 2nd movement

Улирал бүр дотроо 3 хэсэгтэй ба сар бүрт нь зориулж бичсэнээрээ онцлог. Энэ хэсэг нь өвөл зөөлөн цас орж байх үед дулаан гэртээ тайван амраад байж буй мэт л..

4. Vivaldi’s Four seasons – Summer, 3nd movement – Storm

Зуны шуурга нэртэй хэсэг ба хаврын сүүл зуны эхний сарын байгалийн үзэгдлийг хөгжмийн хэлээр илэрхийлж бидэнд хүргүүлсэн байх.

5. Beethoven – Silence

Бетховены ихэнх хөгжмүүдээс гуниг эсвэл цаанаа л нэг хүнд мэдрэмж төрөх хэдий ч энэ аялгууг сонсоход тийм ч хүнд биш бөгөөд дотор нэгэн гуниг чимээгүй оршсоор байгааг илэрхийлэх мэт…

6. Joseph Haydn – Serenade for Strings Op. 3 No. 5

Австрийн ардын аж байдлын хөгжим Гайдны олон тооны бүтээлийн хэв маягийг үндсэнд нь тодорхойлдог. Нэг удаа “Шөнийн серенада” нь гудамжинд эгшиглэж байхыг сонссон Куред хэмээх жүжигчин Гайднд инээдэмт жүжгийн хөгжим бичихийг санал болгожээ. 19 настай Гайднын хувьд тэр жүжиг энэ төрлийн бүтээлийн хувьд анхных нь байсан бөгөөд жүжиг Венийн “Kartner” театрт амжилттай тавигдаж байжээ.  /“Сонгодог хөгжим” номноос, хуудас – 26/

Үнэхээр ч энэ бүтээлийг сонсоход гуниг ямар ч гэсэн төрөхөөргүй, хөгжилтэй тайван мэдрэмжтэй юм.

7. Edvard Grieg – Peer Gynt – Suite No. 1, Op. 46 – II. Aase’s Death

Э.Григийн уран бүтээлүүдээс хамгийн алдартай нь нэрт үлгэрч Генрик Ибсений бүтээл “Пер Гюнт” жүжигт бичсэн хөгжмийн хоёр сюит нь, төгөлдөр хуур найрал хөгжмийн концерт нь, мөн хийлийн сонатууд нь юм. /“Сонгодог хөгжим” номноос, хуудас – 169/

8. Greensleeves

Англи ардын дуу ба хийлийн хөгжим нь сурмаар санагдтал тийм сайхан…

9. Niccolò Paganini – Caprice 24

“Хийл үзээд сэтгэл минь хөөрснөөс би… тасралтгүй тоглодог болсондоо” хэмээн Паганини хэлж байжээ. Энэхүү клип түүний амьдралаар хийсэн “Devil Violinist” киноны хэсгээс юм.

10. Bach – G Minor

Бахыг юу бүтээхийн төлөө бүх амьдралаа зориулсан болохыг суут В.А.Моцартын хэлснээс ойлгож болно. В.А.Моцарт “Фигарогийн хурим”, “Дон Жуан”-аа бичсэнээсээ хойш түүний бүтээлүүдийг олж үзээд “Эндээс чинь сурах юм байна гээч, хөөе” гэж байж. Бас Л.В.Бетховен “Энэ чинь горхи биш, далай байна шүү дээ” гэж уулга алдаж байжээ. И.С.Бахын зохиолууд бол эрхэмсэг, нандин, хүнийг дээдлэн хайрлах үзэл санаагаар дүүрэн хамгийн өвөрмөц “хийцтэй” бүтээлүүд гэдэгтэй олонх нь санал нийлдэг. /“Сонгодог хөгжим” номноос, хуудас – 20/

11. Chopin – Spring Waltz

“Төгөлдөр хуурыг оюун ухаантай, зүрх сэтгэлтэй юм гэж бодвол тэр нь Шопен” гэж нэрт төгөлдөр хуурч А.Г.Рубинштейн хэлсэн байх аж. Орчин цагийн хэллэгээр жинхэнэ жентельмен хөгжмийн зохиолч бол Ф.Шопен байжээ. Тэрээр төгөлдөр хуурт зориулсан хөгжмийн бүтээлийн хамгийн олон төрлийг бий болгосон юм. Пьес(аяз), рондо(тойронцол дуу), этюд(судалбар аяз), ноктюрн(мөрөөсөл аяз), вальс(бүжиг, эргэнцэх бүжиг), танго, скерцо(цоглог хөгжим), полька(товшчих бүжиг), сонат(эгшиглэнт аялгуу), концерт(тодруулалт хөгжим) зэрэг олон төрлөөр туурвиж байв. /“Сонгодог хөгжим” номноос, хуудас – 108/

Харин энэ аялгууг сонсоход хосууд нэг нэгэндээ ямар нэг зүйлийг учирлан тайлбарлаж байгаа мэт…

12. David Garrett – Palladio

Олон хөгжмийн зохиолчдын бүтээлийг тэрээр орчин үеийн хүмүүсийн чихэнд хүлээн авахад тохиромжтой болгохоор сонгодог хөгжмөөс гадна гитар, бөмбөр оруулж өөр найруулгатайгаар илүү гоё болгон хүргэж байгаа ба түүний энэ бүтээлийг сонсоход өөрийн эрхгүй эрч хүч мэдрэгдэнэ.

13. Symphony #40 in G Minor, K 550 – 1. Molto Allegro

Моцарт – “40-р Симфони”

Японы нэрт хөгжим судлаач эрдэмтэн Эмото төрөл бүрийн хөгжмийг усанд сонсгосон. Өөрөөр хэлбэл усан дотор хөгжим тавихад дуу авианых нь хэлбэлзлийн нөлөөгөөр усны бүтэц молекулын түвшиндээ хэрхэн өөрчлөгдөхийг ажиглаж, улмаар үүссэн дүрсийн зургийг авсан. Сонгодог хөгжим “сонссон” усны молекулын бүтэц дөрөв, тав, зургаан талт гэсэн зөв хэлбэрийн дүрс бүхий байсан бөгөөд хамгийн төгс хэлбэр болох зургаан талст хэлбэртэй бүтцийг үүсгэсэн хөгжмийн нэг нь Моцартын 40 дүгээр симфони байжээ. /Агаар номноос, хуудас – 23/.

Эрүүл хүний биеийн усны бүтэц ийм байдаг байна. Иймээс хүний биеийн 70% нь ус тул хөгжим нь амьд биед, эд эсэд нөлөөлдөг ба сайн хөгжим сонссоноор анхаарал төвлөрлийг сайжруулах, цэгцтэй сэтгэх нөхцөлийг бүрдүүлж өгөх боломжтой юм.

14. 07 Symphony No. 41 in C major (‘Jupiter’), K. 551- Menuetto & Trio, Allegretto

Моцартын 41-р симфоний 3-р хэсэг нь менуэт, трио, аллегретто гэсэн байх ба өмнөх хөгжим 40-р симфоний 1-р хэсэг нь Molto allegro байсан бол 3-р хэсэг нь мөн Menuetto & Trio, Allegretto гэсэн байна. Энд менуэт гэдэг нь товшлох бүжиг гэсэн утгатай ба хэмнэл нь бүжгийн мэт хөгжилтэй, цоглог болж байгааг  та мэдэрнэ.

15. Beethoven – Moonlight Sonata

Төгөлдөр хуурын XIV сонат буюу Сарны сонат

Сонсгол нь муудах хэрээр гутарч хямралд орсон үедээ тэрээр сэтгэл санааны хувьд ямар байсан тухай 1800-1803 онд зохиосон бүтээлүүдээс нь мэдэх боломжтой. Тэдний нэг бол “Сарны сонат” бөгөөд түүнийг сэтгэлзүйн драм ч гэдэг. Дотроо 3 хэсэгтэй ба ихэнх хүмүүс эхний хэсгийг сайн мэддэг. Энэ хэсгээс анир чагнах нам гүмийн дундах уянгалаг мөрөөдөл сартай шөнийн нууц битүүлэг байдалтай хэрхэн сүлэлдэн дүнсийхийг мэдэрч болно. /Агаар номноос, хуудас – 29/

Харин 2 дахь хэсгээс хөнгөн, хөгжилтэй хэмнэлийг мэдрэх ба чимээгүй тайван амьдралыг үгүйлэн хайсан эсвэл үр бүтээлтэй амьдралыг хүссэн өнгө аяс илэрдэг бол 3 дугаар хэсгээс та шаналал, улангассан эсэргүүцэл, бардамхан эвлэрэл зэргийг хөгжмийн хэлээр дамжуулан ойлгож болох юм.

16. Handel – Sarabande

Цаанаа л бүүр сэтгэлийн гүнд гутрал, харамсал байгаад байгаа мэт, тэр нь нэг өдөр хүчтэй илрэх ч эргээд тэрийгээ нуух мэт…

17. Rondo Veneziano – Rondo Veneziano

Бага байхад Үндэсний телевизээр энэ хамтлагийн олон бүтээл явдаг байснаас энэ нь ихэнх хүний сэтгэлд тод үлдэж, одоо сонсоход нэг л сайхан санагдаж сэтгэл хөдөлгөм байж чадаж байна.

18. Luigi Boccherini – Minuetto

Хөгжимд хэрвээ хөөрхөн гэж ярьдаг бол энэ хөгжимд тохирно байх. Хөнгөн, хөгжилтэй бүжмээр хөөрхөн аяз мэт санагдана.

19. Yanni  – Until the Last Moment

Түүний төгөлдөр хуурын аянууд маш сайхан тайвшрал төрүүлэм ба One man’s dream-г хүн бүр сонссон байдаг. Харин энэ бүтээлийг сонсоход сүүлийн мөч хүртэл энэ л хэвээрээ байна хэмээн нэгэн залуу өвдсөн байгаа хайртай хүнээ асарч байгаа эсвэл түүнийг орхиод явсан эмэгтэйн араас одоог хүртэл чиний талаар бодоход сэтгэлд нар гийж баясал төрж, нисэх мэт эрх чөлөөтэй болж байгааг мэдрүүлэх мэт…

20. Richard Clayderman – Lettre à ma mère

Түүний олон сайхан бүтээлийг хүмүүс бүгд сонссон байдаг ба Chopin – Spring waltz-г өөрийн найруулгаар тоглосныг нь Mariage D’amour нэртэйгээр нь бид мэднэ. Харин энэ бүтээлийг сонсоход гомдсон сэтгэлийн үгээ хэлж чадалгүй дотроо тээж, өөртэйгөө л ярилцаж байгаа мэт…

21. Beethoven – 5th Symphony

Хүн төрөлхтний үе үеийнхэнд танил, сэтгэлд дотно энэ бүтээл хязгааргүй их баяр баясгалан, дарлал дарангуйллаас чөлөөлөгдсөн ард түмэнд удаан хугацааны турш хүлээсэн ялалтын тухай мэдрүүлдэг. Зохиолчийн өөрийнх нь хэлсэн “Хувь заяа нэг иймэрхүүгээр л хаалга тогших юм байна шүү дээ” гэсэн үг энэхүү бүтээлийнх нь агуулгыг улам тодотгодог.

Sony фирмийн хүүхдийн цэцэрлэгт судалгаа хийжээ. Бяцхан жаалуудад янз бүрийн хөгжим сонсгож үзэхэд тэдний сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөсөн нь энэхүү V симфони байсан байна. /“Агаар” номноос, хуудас – 35/

22. Beethoven: Symphony No.7: Second Movement

Л.Бетховений хөгжимд нь гоо сайхны эрхэм дээд тэмүүлэл, хүнлэг үзэл нэвт шингэсэн, байгаль дэлхий, хүний сэтгэл догдлол, хувь заяаны тухай гүн ухааны бодлогошролын бахдал илэрхийлэл юм. Үүнийг нь Дөрөвдүгээр, Зургадугаар(“Хөдөөгийн симфони”)cимфониуд гэрчилнэ. Гэхдээ амьдралын баяр баясгалан, хошин хөгжилтэй, тас тас хөхөрсөн Бетховен бас байдгийг Вагнер “бүжгийн оргил” гэж онож нэрлэсэн Долоодугаар симфони, бас Наймдугаар симфони, симфони-сонатын цувралын “скерцо” нь нотолдог. /“Суут хөгжмийн зохиолчид” номноос, хуудас – 68/

Симфониуд ихэнх нь дотроо 4 хэсэгтэй ба нэг анги нь 8-10 минут байдаг. Энэхүү 7-р симфоний 2-р хэсгийг сонсоход дотогшоо аажмаар харан өөрийнхөө талаар эргэцүүлэн муу чанараа танин мэдэж, түүнийг маш их тунгаан олон талаас нь харж, ойлгож байгаа мэт өнгө аяс мэдрэгдэх ба 3 ба 4-р хэсэгт нь нэгэнт тэр муу чанаруудаа ойлгож арилгасан тул илүү эрх чөлөөтэй, баяр хөөртэй мэдрэмжийг төрүүлэх мэт…