EXPRESSO FASHION энэ удаагийн ярилцлагаараа та бүхнийгээ нэгэн хөдөлмөрч бүсгүйтэй танилцуулахыг хүслээ. Тэрээр 2016 оны хувцас загварын дэлхийн шилдэг 100 сургуулийн 6-р байранд эрэмбэлэгдэг Нью Йорк хотын “FASHION INSTITUTE OF TECHNOLOGY их сургуульд сурдаг байна. Түүний ертөнцөөр хамтдаа аялцгаая! Танд таалагдана гэж найдаж байна.

 –Танд энэ өдрийн мэндийг хүргэе манай уншигчдад өөрийгөө танилцуулаач!

-Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Намайг Б.Баярмаа гэдэг 20 настай Нью Йорк хотын FASHION INSTITUTE OF TECHNOLOGY сургуульд загвар зохион бүтээгчийн мэргэжлээр сурч байна. Дизайнер болох мөрөөдөл минь бүүр багаасаа 9, 10 нь настайгаас минь эхэлсэн гэж хэлж болно, гэвч ахлах сургуулиа төгссөний дараа гэрийнхнийгээ зөвшөөрөөрүүлэх гэж багагүй хичээсний үр дүнд мөн хоёр жилийн турш сургууль руугаа хүсэлт явуулж хүлээсний үр дүнд өнөөдөр би тус сургуульд суралцаж байна.

-Алдарт Business Of Fashion сэтгүүл өөрийн тань сургуулийг 2016 оны хувцас загварын дэлхийн шилдэг 100 сургуулийн 6-р байранд эрэмбэлсэн байсан. Тэгэхээр энэ том сургуульд орохын тулд маш их хичээл зүтгэл, маш их хөдөлмөр шаардагдаж байсан байх. Яаж энэ сургуульд орж байсан вэ?

-Дээр нь дурдсанчлан миний хувьд энэ сургуульд орох гэж хоёр жилийн туршид хүсэлт явуулсан. Эхний жилд нь тэнцээгүй учир нь бусад сургуульд тогтсон нэг хэв маягтай, түүнийхээ дагуу оюутнуудыг элсүүлдэг. Манай сургуулийн хувьд арай өөр байсан жишээ нь: дүнгээ гаргах болон материалаа бүрдүүлэх, сургуулийн үндсэн шалгуур гэх мэтчилэн бусад сургуулиудын тогтсон жишгээс бол хамаагүй өөр байсан. Тиймдээ ч миний хувьд дизайнер больё гэж боддог байсан ч багаасаа ямар нэгэн загварын дугуйлан сургалтад явж байгаагүй учраас эхний удаад дээрх шалгууруудад гологдож байсан, гэвч юу ч гэсэн Нью Йорк хотод нь очоод хэлээ сайжруулангаа загварын сургалтад суугаад үзье гэсэн бодол төрч байсан тэгээд л Нью Йоркийг зорьж байж билээ. Тэнд байх хугацаандаа дахин нэг удаа хүсэлт илгээн сургуульдаа тэнцэж байсан. Ер нь бол нэлээд шаардлага, шалгуур өндөртэй гэж хэлж болно. Ялангуяа загвар зохион бүтээгчээр сурах гэж байгаа бол…

-Эх орноосоо хол гадаад оронд сургуульд сурна гэдэг хэцүү зүйл ихтэй байдаг байх. Хамгийн анх хүндрэлтэй байсан зүйл нь юу байсан вэ? Хэлний асуудал байв уу? Гэр орноосоо хол гэрээ санах асуудал байв уу?

-Миний хувьд бусад хүүхдүүдийг бодвол нэлээд хэнэггүй зантай гэж хэлж болно. Тэр ч утгаараа учиргүй гэр орноо санаад хэцүүдээд байсан зүйл бол огт байгаагүй. Хүмүүс хэлэхдээ: “Очоод нэг уйлаад зүгээр болчихно.” гэж ярьдаг байсан ч миний хувьд бараг уйлаагүй, хэцүү байсан зүйл нь гэвэл анх сургуульдаа очоод хичээлээ сонгох явдал байлаа, хичээлийн кредит гэх мэтийн зүйлс нь ойлгомжгүй жоохон хэцүү байсан. Үүнээс болж эхний семестртээ будилж буруу хичээлээ сонгох гэх мэтийн асуудлууд гарч байсан боловч дараа дараагийн семестртээ дасаад гаагүй болж эхэлсэн. Асуудалтай, хүндрэлтэй зүйлүүд гэвэл амьдрах өртөг маш өндөр тэр нь л үнэхээр хэцүү байсан. Жишээ болгоод нэг зүйлийг дурдъя: “Загвар зохион бүтээгчийн мэргэжлээр суралцаж байх үед материал авах тохиолдол байнга гардаг. Энгийн хээтэй торон материал авлаа гэж бодоход 100 орчим доллароос эхэлдэг.” ингээд бодохоор хамгийн хэцүү зүйл нь үнэ өртөг.

-Тэгэхээр өөрийн тань хэлсэнчлэн Нью Йорк хотод амьдрах, энэ төрлийн мэргэжлээр сурна гэдэг нь санхүүгийн хувьд нэлээдгүй ачаа болдог юм шиг санагдлаа, гэвч амьдрах зардал дээр дурдсан материал авах мөнгө гэх мэтийг сургуулиас тань тэтгэлэг маягаар өгдөг үү эсвэл хувиасаа гаргадаг уу?

-Хувиасаа гаргана.

-Нью Йоркд амьдрах нэг сарын дундаж өртөг хэдэн доллар вэ?

-Байр хоол хамтад нь нарийн бол тооцоолж үзэж байгаагүй. Учир нь би сургуулийнхаа дотуур байранд амьдардаг тооцоог нь жилээр хийчихдэг болохоор идэх хоол, байр орон сууцанд тэр болгон мөнгө үрээд байдаггүй харин эдгээрээс бусад хувийн зардал гэвэл сардаа эсвэл хагас сардаа 500 орчим доллар болдог. Ер нь бол би нээх мөнгө үрээд байдаг хүн биш л дээ.

-Одоо сурч байгаа сургуульдаа үргэлжлүүлэн мастерын зэрэгт сурах төлөвлөгөө байгаа юу эсвэл төгсөөд шууд ажилд орох уу?

-Ер нь бол цаашид сурах бодолгүй байгаа. Миний хувьд одоо Associated Бакалавр гэж явдаг. Үндсэн бакалаврынхаа хоёр жилд суралцаад төгссөнийхөө дараа шууд ажил хийх бодолтой байгаа.

-Assiocated Бакалавр гэж та хэллээ. Энэ ярилцлагыг уншаад сууж байгаа манай зарим уншигчид гайхаж байж болох юм л даа. Тэгэхээр та бакалаврын зэрэг болон дээр дурдсан Assiocated хоёрынхоо ялгааг тайлбарлаж өгөөч

-Ялгаа нь гэвэл Assiocated-ын хоёр жилд ерөнхий эрдмийн зүйлсийг судалдаг гэж хэлж болно. Өөр дээрээ жишээ аван ярихад: эхний хоёр жилд загвар зохиох үндсэн зүйлсээ судалдаг оёдол хийх, эсгүүр гэх мэт харин Бакалаврын хоёр жилд яг ямар чиглэлээр дагнан дизайнер болох вэ? гэдгээ шийддэг. Жишээ нь: Спортын хувцас, хүүхдийн хувцас, дотуур хувцас алинаар нь цаашид дагнан явахаа сонгодог. Өөрийнхөө үндсэн салбарыг сонгоод сүүлийн хоёр жил буюу бакалаврын жилдээ түүгээрээ мэргэшээд явдаг байгаа.

-Таныг зуныхаа амралтаар Монголдоо ирсэн гэж дуулсан тэгвэл энэ зуныхаа амралтаар юу хийхээ төлөвлөсөн байгаа вэ?

-Миний хувьд өнгөрсөн зун өөрийн Accocories-ны брендийг нээсэн, гэвч манай Монголчууд нэг л ойлгож өгөхгүй,  зарим нэгнийхэн сэтгэлгээтэй нь таарч тохирохгүй байсан болохоор бага зэргийн бүтэлгүйтсэн, гэхдээ хэчнээн бүтэлгүйтсэн ч гэсэн энэ зун тэр ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэсэн бодолтой байгаа.

-Монголчууд нэг л ойлгож өгөхгүй байна гэж та дээр хэллээ л дээ. Тэгвэл таны амьдардаг Нью Йорк хотын оршин суугчидтай харьцуулахад манай Улаанбаатарын иргэдийн гоо зүйн мэдрэмж аливааг хүлээж авах чадвараараа хэр зөрүүтэй байгаа юм шиг санагддаг вэ?

-Мэдээж маш их зөрүү байгаа. Энгийн жишээ дурдахад: Нью Йоркийн гудамжаар алхаж явахад хүмүүс намайг нээх их анзаараад байдаггүй, анзаарлаа гэхэд ямар гоё хувцастай, ямар гоё үстэй юм вэ л гэж хэлдэг харин Улаанбаатар хотод яалташгүй хүмүүс аймаар муухайгаар хардаг, яаж ийж байгаад л нэг зүйлтэй адилтгаж доош нь хийдэг тэр нь жоохон эвгүй санагдсан. Нөгөөтээгүүр Нью Йорк гэдэг чинь загварын нийслэл шүү дээ. Тэнд надаас илүү этгээд, сонин дүр төрхтэй хүмүүс зөндөө л явж байгаа. Тиймдээ ч яг нэг хүнийг тэгж удаан ширтээд,  элдэв янзаар нь муулдаг зүйл бол тэнд байдаггүй.

-Манай залуучуудын хувьд гадаадад очиж сурья гэхлээр хамгийн том бэрхшээлтэй асуудал бол хэлний асуудал байдаг. Өөрийн тань хувьд АНУ-д англи хэл дээр энэ том сургуульд сурч байгаа хүний хувьд  хэл сурч байсан туршлагаасаа хуваалцаач?

-Анх 1-6 анги хүртлээ улсын сургуульд сурч байгаад дараагаар нь 6-р ангиасаа “Орчлон” ахлах сургуульд орсон. Мэдээж “Орчлон”-д ороход миний болон манай ангийн хүүхдүүдийн хэлний төвшин эрс ялгаатай байсан, яагаад гэвэл тэд чинь бүүр 1-р ангиасаа англи хэл үзчихсэн хүүхдүүд байсан. Миний хувьд өдөр бүр шахуулж их хичээсний үр дүнд миний хэлний мэдлэг бага багаар сайжирсаар нэг мэдэхэд миний Англи хэл нэлээн гаагүй болчихсон үүнд бас сургууль их нөлөөлсөн гэж боддог. Зөвлөх зүйл гэвэл хэлээ байнга ашиглаж байх хэрэгтэй тэгэхгүй зүгээр ном уншаад  сайжирна гэж байхгүй. Дээр дурдсанчлан миний хувьд Нью Йорк хотод очоод хэлний бэлтгэлд сууж байхад ойр хавьд таньдаг мэддэг Монгол хүн байдаггүй байсан. Ойр хавьд хүрээлэн байгаа хүмүүстэйгээ англиар харьцаж, ярьсаар байгаад хэл минь сайжирсан гэж хэлж болно.

-Ирээдүйн зорилгоосоо манай уншигчидтай хуваалцаач

-Зорилго гэвэл би сургуулиа төгсөөд тэндээ ажиллана гэж хувьдаа боддог. харин хүмүүс болохоор төгсөөд шууд нутаг буцна гэж ярьдаг. Миний хувьд бол төгсөөд тэндээ мэргэжлээрээ ажиллана гэж бодолтой байна. Яагаад вэ? гэвэл юуны тулд тухайн газрынхан шилдэг сургуульд сурлаа, үүнийгээ ашиглан шилдэг сайн компанид ажилд орж сайн туршлага хуримтлуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол би сургуулиа төгсөөд шууд эх орондоо ирээд юу хийж чадах билээ. Тийм болохоор сургуулиа төгсөөд орно гэж бодсон хэд хэдэн брендүүд байгаа…. Юу болохыг нь харж л байя.

-Миний нэг гайхаж байгаа зүйл нь таны энэ бүх зардал, сургуулийн төлбөр гэх мэт зүйлс тэтгэлэг үү аль эсвэл та хувиасаа гаргадаг уу?

-Манай сургууль тэтгэлэг ерөөсөө өгдөггүй. Stated University-гийн салбар сургууль болохоор тэр тусмаа олон улсын суралцагч нарт тэтгэлэг олгодоггүй байгаа.

-Хэрвээ нууц биш бол жилийн төлбөр ойролцоогоор хэд вэ?

-Тэрийг би хэлмээргүй байдаг юмаа. Яагаад гэвэл яг оръё гэж бодож байгаа хүүхдүүд өөрсдөө судлах хэрэгтэй.   Надаас олон хүүхэд асуудаг. Яаж орох уу? Юу бэлдэх үү? гээд л би бүгдийн хэлээд өгчхөөр ямар ч хичээл зүтгэлгүй бэлэнчлэх  сэтгэлгээтэй болоод ирдэг юм шиг санагдаг. Тиймдээ ч анхнаасаа өөрсдөө л олж мэдэх хэрэгтэй гэж боддог.  Үнэхээр өөрөө ормоор байгаа юм бол өөрөө сайн судлах хэрэгтэй!

-Бидний харж байгаагаар сүүлийн жилүүдэд манай Монголын загварын салбар үсрэнгүй хөгжиж байгаа билээ. Бид хэд хэдэн мундаг брендүүдтэй боллоо, Монголын модель загвар өмсөгч охид маань дэлхийн хэмжээнд өрсөлдөж байна. Тэгвэл энэ чиглэлээр сурдаг, загвар сонирхдог хүний хувьд та Монголын загварын ирээдүйг ямар нүдээр харж байгаа вэ?

-Сүүлийн хоёр жилд Монголд загвар маш хурдацтай хөгжиж байгаа аль аль салбараараа. Тэгэхдээ яг түрүүн хэлсэнчлэн хичээл дээрээ загварын талаар үзээд харьцуулаад харахад хөгжлийн ялгаа бол нэлээн хол байгаа. Одоо жишээ нь Textile Design гэхэд зөвхөн даавууны тал дээр ярихад:  манайхан гаднаас нэг нь даавуу  оруулж ирээд, дэлгүүрээ нээгээд, өөрсдөө зарж байхад гадаадад болохоор тэр Textile Design талаасаа 10-30 төрлийн мэргэжил байдаг. Манайд мэргэжлийн тийм боловсон хүчин хүрэлцээтэй байдаггүй тэр нь жоохон  хэцүү санагдсан. Тэрийгээ хөгжүүлээд хүмүүс нь тал талаасаа нийлээд зэрэг явахын бол хурдацтай хөгжинө гэж би хувьдаа боддогоо…  Тэгэхдээ сүүлийн хоёр жил бол нэлээд сайн хөгжиж байгаа гэж үзэж байна.

-Хувцас  гэдэг зүйлийг бид урлагийн бүтээл гэж хардаг. Тиймдээ ч таны урлаж буй хувцас тэдгээр бүтээлүүд ямар харагдаасай, ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Мэдээж хийж байгаа хувцас маань гоё харагдах нь чухал, гэвч харагдах байдал гэхээс илүүтэй хувцсаар дамжуулан хүмүүст ямар нэгэн өөр зүйлийг хүргэхийг хүсдэг. Манай сургуульд багш нар тренд судал, тренд дага гэж зөвлөдөг боловч миний хувьд тренд хөөнө гэхээс илүүтэй хийж байгаа хувцсаа ямар нэг түүхийг , ямар нэг зүйлийг хүмүүст хүргэхийг хүсдэг. Миний хувьд Vivine Westwood-д дуртай. Тиймдээ ч хувцас гэдэг зөвхөн гоё харагдахаас илүү өөр олон зүйлийг хүнд мэдрүүлээсэй гэж хүсдэг.

-Та ямар төрлийн хөгжим сонсдог вэ?

-Би багаасаа л амьд хөгжим сонсох дуртай байсан.Тэр нь ч аймаар илт байгаа байх (инээв) PUNK хөгжимд дуртай.  Бас өөрөө гитар дарж сурч байгаа.

-Та өөрийнхөө сонсох дуртай дуунаас манай уншигчидтай хуваалцаач?

-Мм дуу хуваалцаач гэж үү? Хмм за байз өө. Хамгийн ихээр сонсдог хамтлаг гэвэл “Bikini Kill” гэж хамтлаг байгаа санал болгох дуу гэвэл “Suck My Left One” гэдэг нэртэй дуу, өөр дуу гэвэл Minor Threat гэж 70-аад оны нэлээн алдартай Punk хамтлаг тэдний “In My Eyes” гэдэг дуу… Миний хувьд дандаа гитар нь дээрээ тоглож сурч байгаа дуунууд л толгойд орж ирээд байна. Сүүлийн үед шинээр сонирхож байгаа хамтлаг дуучид гэвэл “Surfbort” гэж хамтлаг.

-Нью Йорк хотод амьдрахын сайн талуудаас дурдвал

-Боломж аймар ихтэй хаашаа ч явсан гудамжаар алхаж явахад  нэг зурагчин тааралдаад миний зургийг аваад л  тийм зүйлүүд их гардаг.  Зүгээр л гудамжаар яваад загвар сонирхдог өөрийнхөө ижил сонирхолтой хүмүүстэй тааралдах боломж ихтэй.   Албан хэргийн тал дээр ч гэсэн боломж ихтэй

-Мэдээж урлагийн чиглэлээр суралцдаг оюутнуудын хувьд хотын өнгө үзэмж ихээр нөлөөлдөг байх тийм үү?

-Мэдээж маш ихээр нөлөөлж байгаа хэрэв би Чикагод сурч байсан бол би Нью Йоркд сурч байсан шигээ хөгжихгүй байх гэж боддог.  Би өөрөө Чикаго явж үзэж байсан болохоор тэндхийн амьдрал эндэхийн амьдралын ялгааг мэднэ. Чикаго Монголтой адилхан зүйл гэвэл гудмаар алхаж байхад чинь гайхаж харах явдал ихээр байдаг ер нь бол их энгийн амьдралын хэв маягтай хүмүүс л дээ. Хэдий хот нь хөгжингүй ч гэсэн зүгээр л ретүз, подволкоо өмсөөд л явж байдаг гэх юм уу тэгэхээр чинь ийм орчинд хөгжихгүй шүү дээ харин Нью Йоркд бол уур амьсгал тэс өөр бүгд л ганган чамин гудамжаар алхаж байгаа хүмүүсийн хувцсыг хараад л сэтгүүл үзэж мэт санагдаг.  Хувь хүн талаасаа ч гэсэн хөгжих боломжтой.

-Өнөөдөр гадаадын өндөр  хөгжилтэй хотуудад өөр шиг тань суралцах хүсэлтэй олон Монгол залуус байгаа боловч яг ямар процессоор яаж явахаа мэдэхгүй будлих тохиолдол гарч байна. Тэгвэл та энэ тал дээр зөвлөгөө өгөөч?

-Надаас бас нэлээд олон хүн бас тэгж асууж байсан.  Тэр асууж байсан хүмүүстээ тулгуурлаад хэлэхэд эхлээд өөрсдөө судлаачээ. Аймар бэлэнчлэх гээд байдаг байхгүй юу.  Би зуучлалын компани шиг л бүх юмыг надаас асуугаад би сайтын хэлээд өглөө ийм сайт байгаа юмаа одоо ийшээ ороод уншаарай, энд бүх юм нь бичээстэй байгаа гэхээр өөрсдөө ордоггүй. Тэгэхээр өөрсдөө эхлээд хамгийн сайнаараа сайн судлаад орьё гэсэн сургуулиа шийдчих хэрэгтэй. Тэгэхгүй хаашаа явахаа ч мэдэхгүй, гадагшаа л явна гэж хэлцгээдэг. Хүүхдүүд ер нь бол багадаа таван сургууль сонгочихсон байдаг. Миний хувьд болохоор FIT-д сурна гэсэн зорилготой байсан хоёр жил өөрийгөө бэлдэж зүтгэсээр байгаад орсон доо. Эхлээд сургуулиа олчих хэрэгтэй. Дараа нь тухайн сургуулиа судлаад сайтнаас нь бүхий л мэдээллийг авч болно мөн TOEFL-ын өндөр оноотой байх хэрэгтэй миний бодлоор бол эхлээд хэлнийхээ асуудлыг шийдчихсэн байхад бусад нь бол болно. Манай сургуулийн хувьд бол SAT –ийн шалгалт шаарддаггүй байсан гэвч сургууль бүр өөр өөрийн гэсэн шалгууртай тэр бүгдийг нь судалж үзэх хэрэгтэй.

-Тэгэхээр таны сурч байгаа FIT (FASHION INSTITUDE OF TECHNOLOGY) гэх энэ сургууль нь хэлний зохих мэдлэг, ерөнхий боловсролын дүн гэх мэтийг харгалзан үздэг нь мэдээж гэвч яг сургуульдаа элсэн орж байгаа оюутнаасаа мэргэжлийн шалгалт гэж авдаг уу зуруулдаг ч юм уу хувцас эсгүүлдэг ч юм уу гэх мэтийн?

-Мэдээжийн хэрэг мэргэжлийн чадварыг нь шалгалгүй л яахав. Манай сургуулийн хувьд бол зуруулдаг, зурсан зургаар тань дамжуулан ямар хувцас зохиож байгааг нь харна, зохиосон хувцаснаас нь 3-4 хувцсыг голчилж хардаг мөн тухайн хүний зохиосон хувцсыг хийж чадаж байна уу гэдгийг нь нэг бүрчлэн нарийн шалгадаг гэх мэтийн зүйлсүүдийг хардаг байгаа мөн мэдээжийн хэрэг эссэ авна.

-Таны мөрөөдөл юу вэ?

-Зөрөөд өнгөрөхөд зарим хүмүүс муухай хараад, элдэв үгээр хэлээд байдаг тийм сэтгэлгээнээс нь салгахыг хүсдэг. Тийм сэтгэлгээнээс нь салгахын төлөө тэмцэнэ.

Ярилцсан: З.Өсөхбаяр- FB: @chun.seop

Ярилцлагын зочин: Б.Баярмаа- FB: @snowflower22